Mar 20, 2012

Компаниудын нийгмийн хариуцлага ба мэргэжлийн ёс зүй

Нийгэм гэж юу вэ? Нийгэм гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, гэхдээ тодорхой удирдлага, тодорхой сонирхол, тодорхой хууль дүрмээр үйл ажиллагаа нь явагдддаг, уламжлалт хийгээд орчин үежсэн соёл иргэншил, зан заншилтай хүмүүсийн холбоо, харилцан хамаарал. Нийгмийн олон хэв шинж, хөгжил, эдийн засгийн харилцаа нь янз бүр явж ирж. Нийгмийн хамгийн гол тэмцэл бол баялгийн төлөөх тэмцэл. Түүнээс яаж олж авах, өөр бусдаас яаж илүү баялагтай болох, ингэснээр ойр тойрныхондоо хүндлэгдэн, нэр алдартай болох явдал хүн бүхний мөрөөдөл байж. Харамсалтай нь үе залгамжилсан цол хэргэмтнүүд хүн төрөлхтөний баялгийг мөнхөд цөлмөсөөр ирсэн түүхтэй. Улс орны баялгийг сурвалжит баяд нөхдүүд л мэддэг байж. Үүнийг улс орон бүр өөр өөрийнхөөрөө шийдвэрлэн эдүгээ капиталист буюу зах зээлийн эдийн засагтай нийгмийг сонгон аваад байгаа нь энэ. Капиталист нийгэм улс орон бүрд төлөвшлийн хугацааны хувьд янз бүр. Америкт 1865 онд боолын ёсыг халж бүгд хийснээрээ амьдрах үе ирж байсан бол пост соц орнууд дөнгөж 1990-ээд оноос энэ эдийн засаг руу шилжин ирж. Одоо ч зарим орон коммунист дэглэмтэй байна. Тэдний улс төрийн дэглэм нь өөр мөртлөө зах зээлийн эдийн засагтай байх нь сонин.

Тухайлахад Хятад. Куба бол яг соц-ийн үеийнх хэвээрээ. Нийгмийн сонголт гэдэг бол явж явж хүмүүний амьдрах арга. Ямар нийгэмшилд байгаагаас хамааран хүний эрх, эрх чөлөө, амьдрах сурч боловсрох хийгээд өмчлөлийн асуудал тодорхойлогддог учиртай. Бид ямар нийгэмд амьдарч байгааг Монгол хүн бүр л шүүмжлэн хэлдэг. Яг хуулиараа заасан нийгэмд амьдарч чадахгүй байна гэж. Үндсэн хуулинд болохоор хүмүүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм гэж тодорхойлдог. Тодорхойлолтын тухайд өгүүлбэрийн сүүл хэсгээс хэрэгжиж байгаа нь сонин. Өөрөөр хэлбэл, "ардчилсан" гэдэг нь хууль эрхийн хүрээнд дөнгөж төлөвшиж байна гэсэн үг. Ардчиллын хэм хэмжүүрийг 5 хүртэлх индексээр хэмждэг бөгөөд судлаачид манай улсын ардчиллын хүрсэн түвшинг 2,5-3 хүртэлх гэж дүгнэсэн нь дундаж хэмжээнд л аж. Сүүлийн жилүүдэд "иргэний" гэсэн ойлголтын хүрээнд иргэний нийгмийн хөдөлгөөнүүд төрөн гарч үйл ажиллагаа нь дөнгөж явагдаж эхэлж байна. Харин "хүмүнлэг энэрэнгүй " гэсэн ойлголтын хүрээнд юу ч алга. Эдийн засгийн харилцаанаас хамаарч хүн хүнээ хүндлэх ёс алдагдаж, уламжлалт зан заншил маань бүдгэрэн алга болж, хүмүүсийн хоорондын харилцаанд энэрэнгүй байх зарчим алдагджээ. Энэ хандлага үзэгдэл нийгмийн бүхий л салбар хэсэг, нэгж, харилцаанд нөлөөлж эхэлжээ. Энэ бүхний дээр "мөнгө" ноёлж эхэлж. Ганцхан мөнгө. Мөнгө бүхнийг тодорхойлж байна. Одоогийн бидний амьдарч буй үеийг "Мөнгөнйй төлөөх тэмцэл" гэж тодорхойлмоор байна. Ийм тодорхойлогдсон нийгэмд хичнээн өндөр албан тушаалтан, хичнээн нэр алдартай баян тансаг хүн байлаа ч заавал ч үгүй их бага хоронд хутгалдсан байдаг.

Тэгэхээр хүн чанараа зарим талаар алдсан гэсэн үг. Бохир юманд хутгалдаад ирэхээрээ сүлжээ үүсдэг. Бие биенээ яаж ч чаддаггүй. Одоо үүнээс хэрхэн гарч "хүмүүнлэг энэрэнгүй"-д дөхөж очих вэ? Бүх хүмүүсийг сайхан сэтгэлтэй болгочихно гэвэл үлгэр болно. Харин нийгмийн хөдөлгөгч хүч, механизм болсон хууль эрх зүйг сайжруулж, хариуцлагыг чангатгах.

Хариуцлага гэдэг үг нийгэмд хамгийн их хэрэглэгдэж эхэллээ. Хариуцлагатай сэтгүүл зүй, хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай үйлчилгээ, хариуцлагатай төрийн алба, хариуцлагатай төрийн үйлчилгээ, хариуцлагатай бизнес, хариуцлагатай үйлдвэрлэгч-хэрэглэгч гээд олон хариуцлага манайд яригдаж байна. Яг, яаж, ямар аргаар үүнийг нийгэмд төлөвшүүлэх вэ? Одоогоор компанийн нийгмийн хариуцлага яригдаж, зарим талаар хэрэгжиж байна. Компанийн нийгмийн хариуцлага нь нийгэмд тухайн компанийн маркетингийг хэрэгжүүлэх нэг хэрэгсэл болдог ба ингэснээр компанийн имиж сайжирч, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтанд эерэгээр нөлөөлж эхэлдэг. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг бол хүссэн хүсээгүй тухайн аж ахуйн нэгжийг татан оруулдаг. Харин бусад хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлэх нь төрөөс ихээхэн хамааралтай. Монголын сүүлийн үеийн эмгэнэл бол архинаас болж "онгоц"-ны сүйрлийн хэмжээний аюул болсон явдал юм. Энэ явдлын хариуцлага олон хэлбэртэй байна. Төрийн хяналт сул байсан нь хамгийн гол хариуцлагын алдаа. Шалгадаг мэргэжлийн хяналтын байгууллага, стандарчилдаг Стандарт хэмжил зүйн байгууллага нь байсаар атал ийм сүйрэл болно гэдэг эмгэнэлтэй. Гэхдээ хэрэглэгчийн хариуцлага гэдэг зүйлийг энд дурдах ёстой. Өрнөдийн орнуудад хэрэглэгчдийн өөрсдийн хариуцлага маш өндөр. Тэд муудсан, эсвэл хугацаа хоцорсон бүтээгдэхүүний мэдээллийг тухайн үйлдвэрлэгч, үйлчлэгч байгууллагад тэр дор нь мэдэгддэг.
Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл явцын чухал хэсэг нь ажилтнуудтай харилцах харилцаа, тэдний өмнө хүлээх компанийн үүрэг хариуцлага байдаг. Хүний нөөцийн систем нь компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлогод суурилж чадсанаараа ажилтнууддаа хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгож, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүнд:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын тав тухтай орчин нөхцөл;
  • Ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх төрөл бүрийн арга хэмжээнүүд;
  • Ажилтнуудын эрүүл мэндийн даатгал (100 хувь);
  • Гэнэтийн ослын даатгал (эрсдэлтэй ажлын байрууд);
  • Ажилтанд олгох хөнгөлөлтүүд (байр, гар утас, ярианы хөнгөлөлт, орон сууцны болон бусад хөнгөлөлттэй зээлүүд г.м)
  • Монгол улсын болон Олон улсын хууль тогтоомжийг чандлан биелүүлдэг ёс зүй зэрэг болно.
Компанийн нийгмийн хариуцлага хэдийчинээ сайжирна, төдийчинээ эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч очно. Хэрэглэгчийн өөрийн хариуцлага хэдийчинээ өндөр байна, төдийчинээ тухайн компанийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргахыг шаардана.

Энэ хоёр зүйл борлуулалтанд эерэг болон сөргөөр нөлөөлж эхлэх бөгөөд худалдан борлуулах цэгүүд бараа бүтээгдэхүүндээ өндөр шаардлага тавина.

No comments: